Бид уучлахгүй

Шүгэл үлээнэ гэж юуг хэлэх вэ?

Шүгэл үлээнэ гэж юуг хэлэх вэ?

Нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлын эсрэг үйлдлийн тухай мэдээлэхийг шүгэл үлээх (whistleblower) гэдэг. Үүнд байгууллагын дотоодод болсон зүй бус үйлдлээс эхлээд улс орны хэмжээний асуудлыг хөндөж болдог. Таны олж мэдсэн асуудал нь баримт нотолгоотой бол эхлээд дээд байгууллагадаа мэдэгдэнэ. Хэрэв дээд байгууллага үүнийг дарах, авлигадах оролдого гаргавал хууль сахиулах байгууллагат хандана. Энэ байгууллага хуйвалдаанд оролцвол хэвлэл мэдээллийн байгууллага, цаашилбал интернет, олон нийтийн сүлжээгээр мэдээллэх дарааллаар шүгэл үлээх үйл явц явагддаг байна. Ардчилал хөгжсөн орнууд шүгэл үлээгчийг хамгаалсан хуультай бөгөөд мөн тэднийг дэмжих бодлогыг хэрэгжүүлдэг. Тухайлбал Солонгос улсад шүгэл үлээгчийн илчилсэн асуудлын хэмжээнээс шалтгаалан тухайн хууль бус зарцуулалтын хэмжээний 4-30%-тай тэнцэх хэмжээний урамшууллыг шүгэл үлээгчид олгодог. Мөн Голланд улс шүгэл үлээгчдэд зөвлөгөө өгөх төв байгуулж,  хамгаалах тусгай байр гаргасан байна. Манайд ийм алба байгуулагдаж байсан ч удалгүй татан буугдсан байдаг. Швейцари улс авлига болон бусад зүй бус үйлдлийг мэдээллэдэг тусгай хамгаалаалтай цахим орчинг бүрдүүлсэн бөгөөд мэдээлэгч өөрийгөө нууцалж болох ба энд заавал тодорхой баримт шаардалгүйгээр сэжиг бүхий этгээдийг мэдээлж болдог ажээ.

Virginia-н их сургуулийн профессор Joyce Rothschild-ийн хийсэн судалгаагаар шүгэл үлээгчдийн 79% нь хувийн ёс зүйн зарчмаасаа болж зөв зүйл хийхийг хүссэн учраас шүгэл үлээсэн бол 16% нь хэрэв шүгэл үлээхгүй бол буруу үйлдлийн нэг хэсэг болох байх гэж айсан тул хамгаалах зорилгоор шүгэл үлээсэн, 5 хувь нь яагаад шүгэл үлээснээ өөрсдөө сайн мэдэхгүй гэж хариулсан байна. Эндээс  шүгэл үлээх нь хувь хүний ёс зүйтэй холбоотой гэдэг нь харагдаж байна. Тиймээс иргэн та зоригтой байж, энэ тухай хууль батлахыг шаардаж болох юм. Мөн байгууллага бүр ёс зүйн дүрэмдээ шүгэл үлээх бодлогыг тусган тэднийг хамгаалах, урамшуулахад анхаарах хэрэгтэй. Ингэснээр байгууллага тухайн асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж байгууллагын сөрөг мэдээлэл гуравдагч этгээдэд алдагдах, буруу үйл ажиллагаа даамжирсаар ноцтой асуудалд хүрэхээс сэргийлэх зэрэг давуу талтай. Монголд шүгэл үлээгчдийн тоо цөөн байгааг “амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол” гэсэн ёс зүйн үзэлтэй нь холбон тайлбарлаж болох ч эрхзүйн орчин бүрдээгүй нөхцөлд гэр бүл, амьдралаа золиослон шүгэл үлээх хүн их байх нь юу л бол. Тиймээс иргэн, байгууллагын шатнаас энэ зүйлийг шаардаж, хэрэгжүүлж чадах арга хэмжээгээ тодорхойлох хэрэгтэй. Ийм нөхцөлд иргэн бүр шүгэл үлээхэд бэлэн буй.

Нийтэлсэн, Б.Даваахүү


8810-0660