Бид уучлахгүй

Иргэн бүр ингэж хяналт тавих боломж байна

Иргэн бүр ингэж хяналт тавих боломж байна

                     Ардчилсан оронд төрийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг иргэд нь шалгаж, дүгнэж, засаж өөрчлөөд явах ёстой. Энэ утгаар иргэдийн оролцоо идэвхитэй байх тусам  ардчилалын үр шимийг  хүртдэг. Харин манайд тэрхүү хяналт ба  оролцоо сул байгаагаас улс төрийн намуудын цөөн хэдэн удирдлага болон тэднийг дагагсад нийтийн хөрөнгийг завшин баяжсаар, авлига цэцэглэсээр. Монгол улс бол татварын ачаалал өндөр орнуудын нэг буюу нийт орлогын 47%-тай тэнцдэг. Гэтэл иргэд төсвийн үйл явцын талаар ойлголт сул, тэдний татварыг  хэрхэн яаж зарцуулдаг талаар сонирхохгүй байна. Тиймд нийтийн засаглалд иргэдийн хяналтыг сайжруулах зорилгоор авлигыг илрүүлэхэд иргэн таны оролцож болох хэлбэрүүдийг цувралаар хүргэж байна.

Мөнгөний урсгалыг хянах замаар авлигыг илрүүлэх нь

Шилэн дансны тухай хуульд зааснаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд; төрийн өмчит үйлдвэрийн газар нь тухайн жилийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалт; төсөв хэмнэсэн болон хэтэрсэн бол холбогдох шалтгааныг тайлбарласан тайлбар, цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ зэргийг https://www.shilendans.gov.mn/ цахим хуудсанд байршуулах ёстой гэж заасан. Мөн улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн баримт бичиг энд байршсан байх ёстой.  Та юун түрүүнд эдгээр мэдээллийг хянах ба дараагаар нь тэдгээр байгууллагын эзний бүртгэлийн мэдээллийг http://opendata.burtgel.gov.mn/ сайтаас шүүн харах боломжтой. Мөн http://xacxom.iaac.mn/ сайтаас Нийтийн албан тушаалтны Хөрөнгө Орлогын мэдүүлэгтэй харьцуулалт хийн шалгана. Хэрэв шилэн дансны шаардлагыг байгууллага, албан тушаалтан хүлээн аваагүй болон сэжигтэй тоо баримт ажиглагдвал энэ талаарх гомдол, мэдээллийг төрийн аудитын байгууллагад тухайн байгууллагын үйл ажиллагаанд аудитын дүгнэлт гаргуулах хүсэлт гаргана. Төрийн аудитын байгууллага нь гомдол, мэдээллийн дагуу тодорхой арга хэмжээ авч, үр дүнг тухайн иргэнд бичгээр болон олон нийтэд мэдээллэх ёстой. Мөн иргэн, хуулийн этгээдийн татвар төлөгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй байдаг.

Улс төрийн байгуулал нь цөөхөн элитийн эрх ашгийг хамгаалж, улс төрийн эрхээ урт удаан хугацаагаар хадгалаж, хаалттай байгуулал болсноос  дампуурсан улс орон цөөнгүй. Тэдний нэг болохгүйн тулд төсвийн үйл ажиллагаанд мэдрэмжтэй хандаж, таны төлсөн  татварыг хэрхэн зарцуулж байгааг эргэн харах хэрэгтэй.

Нийтэлсэн, Б.Мөнхцэлмэг

 


8810-0660