Бид уучлахгүй

“Бид уучлахгүй хөдөлгөөн” НҮБ руу захидал бичжээ

“Бид уучлахгүй хөдөлгөөн” НҮБ руу захидал бичжээ

Бид уучлахгүй хөдөлгөөнийхөн Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн “Шүүх засаглалын хараат бус байдлын асуудлыг хариуцсан” тусгай илтгэгч ноён Diego García-Sayán -д хандаж захидал бичжээ.  

Тус захидалдаа “Монгол Улсын тулгамдсан асуудал бол авлига юм. Авлига албан тушаалтны гэмт хэргийг шийдвэрлэхэд шүүх, прокурор, авлигын эсрэг институтын хараат бус байдал нэн чухал. Гэтэл Монгол Улсын Их Хурал 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын тухай хууль, Авлигын эсрэг хууль”-д олон нийтийн хэлэлцүүлэггүй гэнэтийн өөрчлөлт оруулж, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүд шууд нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүссэн нь хуулийн байгууллага, шүүх засаглын хараат бус байдалд халдсан ноцтой шийдвэр боллоо. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Их Хурлын 75 гишүүний 49 нь Засгийн Газрын тусгай сангийн зээлийг хууль бусаар олж авсан хэрэгт нэр холбогдоод буй. Магадгүй энэ үйлдэл нь өөрсдийн гэмт үйлдлээсээ мултрах, ял завших арга зам байж болзошгүйг сануулсан байна. Иймд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Шүүх Засаглалын Хараат бус байдлыг хариуцсан тусгай илтгэгчийг Монгол Улсад ажиллаж дүгнэлт гарган НҮБ-ын Хүний эрхийн комиссын жил бүрийн 6 сарын хуралдаан болон 2019 онд болох Ерөнхий Асамблейд хэлэлцүүлж Улсын их хуралд шаардлага хүргүүлэхийг хүсчээ.

Мөн тус хөдөлгөөний зүгээс бусад иргэний нийгмийн байгууллага, иргэдийг НҮБ-д хандаж захидал илгээхийг уриалж, өөрсдийн www.Biduuchlakhgui.mn вебсайтаар дамжуулж иргэдээс цахимаар гарын үсэг цуглуулж байгаа ажээ.

Нийтэлсэн: Т.Энхжаргал

 

 


8810-0660